Үйл явдал
МОНГОЛ-ЯПОНЫ ТӨВИЙН БИЗНЕСИЙН ҮНДСЭН СУРГАЛТЫН “ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” ХИЧЭЭЛ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2019-01-28

1 сарын 14-25-ны өдрүүдэд байгууллагын удирдлагууд болон менежерүүдэд зориулсан бизнесийн үндсэн сургалтын “Хүний нөөцийн удирдлага” хичээл амжилттай болж өндөрлөлөө. Хичээлийг IT салбарын тэргүүлэгч гэгддэг нийт 20000 гаруй ажилтантай IBM корпорацийн Япон дахь салбарт хүний нөөцийн чиглэлээр 17 жил ажилласан туршлагатай,  одоогоор Японы 3 их сургуульд багшилж буй Хирабаяши Масаки багш удирдан явууллаа.

Бусад үед компани дээрээ ажил горилогчдоос ажлын ярилцлага авдаг, ажилчдадаа зааж зөвлөж, шаардлага тавьдаг захирал, менежерүүд маань энэ хичээлийн явцад өөрсдөө ажил горилогчийн байр суурин дээрээс болон гүйцэтгэх түвшний ажилтны дүрд орж, ярилцлага өрнүүлсэн дасгал ажил хийсэн юм. Энэ дасгал нь энгийн үед харагддаггүй асуудлууд болон өнөөг хүртэл шийдэхэд хүндрэлтэй байсан асуудлаа шийдвэрлэх арга замыг олж харж чадсан дасгал боллоо.

Үүнээс гадна суралцагчдаас шинэ ажилтныг хэрхэн сонгон шалгаруулах, ажилтнаа хэрхэн үнэлэх, сургах, хэрхэн урамшуулах вэ зэрэг хүний нөөцийн менежер, захирлуудад өдөр тутам тулгардаг асуудлыг шийдвэрлэхэд нэн чухал ач холбогдолтой сургалт болж чадлаа гэсэн үнэлгээг аваад байна.

Мөн менежерийн ангийн хичээлийн нэгэн хэсгийг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш, "Жинзай Жапан" ХХК-ийн захирал Д.Дашмаа удирдан явууллаа. Дотоодын компанийн хүний нөөцийн тогтолцооны жишээ, алдаа онооны талаарх уг хичээл нь Япон багшийн хичээлд дурдагдаагүй, Монгол менежерүүдэд илүү ойр байснаараа онцлогтой байлаа. 
Үүгээр 17 дахь удаагийн МЯТ-ийн бизнесийн үндсэн сургалт өндөрлөж байна. Хагас жилийн турш хичээлдээ идэвхитэй оролцсон үндсэн ангийхаа нийт захирлууд болон менежерүүдийнхээ цааш цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Тус сургалтаас суралцсан зүйлээ өөрсдийн компанидаа хэрэгжүүлэн, Монголын бизнесийн салбарын хөгжилд хувь нэмрээ оруулах үйлсэд нь МЯТ үргэлж дэмжин ажиллах болно.