БИЗНЕСИЙН СУРГАЛТ
"МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ" ЯРИЛЦЛАГА
2019-03-26

Монгол-Японы төвийн бизнесийн ахисан түвшний сургалтуудыг удирдан явуулдаг Японоос уригдаж ирсэн мэргэжилтэн багш нартай хийсэн ярилцлагыг та бүхэндээ цувралаар толилуулж байна.

Энэ удаад 2019.03.29-04.05-ны өдрүүдэд “ҮЙЛДВЭРЛЭЛИЙН УДИРДЛАГА” сургалтыг удирдан явуулж буй Масүда Казүми багшийн ярилцлагыг хүргэж байна.

Багшийн сургалтад ЭНД дарж бүртгүүлнэ үү. 

“МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН САЛБАРЫН ӨНӨӨГИЙН НӨХЦӨЛ БАЙДАЛ”

/Бизнесийн ахисан түвшний сургалтын багш нарын ярилцлага №3/

Масүда Казүми(Рело Панасоник ХК-ийн ахлах зөвлөх)нь Азийн бүс нутгууд дахь Япон төвүүдэд үйлдвэрлэлийн удирдлага, япон маягийн менежментийн чиглэлээр зааварчилгаа, зөвлөгөө өгдөг. Энэ удаагийн мэргэжилтэн багшийн ярилцлагаар Масүда багшаас Монголын үйлдвэрлэлийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын тухай тодрууллаа.

A: Масүда багш, Панасоник компаниас гарсныхаа дараа Тайланд, Индонезийн үйлдвэрт үйлдвэрлэлийн удирдлагын хэлтэст заавар, зөвлөгөө өгч ажиллаж байсан туршлагатай. Багшийн хувьд Азийн бүс нутгуудын үйлдвэрлэлийн газар дээрх зааварчилгаа, зөвлөгөөг өгөх болсон тухайгаа хуваалцаач.

Х: Би Панасоник компанид өнгөт телевизийн чиглэлээр 28 жил, Мацүшита Цүүшин холбоо харилцааны үйлдвэрт 10 жил буюу нийтдээ 38 жил ажилласан. Тухайн үеэс сэлбэг хэрэгслийн нийлүүлэлт, үйлдвэрлэл хариуцан Зүүн Өмнөд Ази руу хэд хэдэн удаа ирж буцаж байсан. Тэтгэвэрт гарсныхаа дараа танилынхаа урилгаар Тайланд дахь Сонигийн охин компанийн чихэвчний үйлдвэрт 4 жил ажилласан. Дараа нь Индонезийн үйлдвэрт зөвлөхөөр ажилласан. Тухайн үеэс үйлдвэрээс хөндийрсөн хэдий ч Зүүн Өмнөд Азийн үйлдвэр дээр ажиллаж байсан туршлагатай тул үйлдвэрлэлийн удирдлагын зааварчилгаа, зөвлөгөөг орон орны Япон төвүүдэд өгдөг болсон. Одоо Вьетнам, Лаос, Мьянмар, Монгол гэсэн 4 улсын Япон төвд зааварчилгаа, зөвлөгөө өгч байна. 

А: Таны зааварчилгаа, зөвлөгөө өгдөг Азийн улс орнуудтай харьцуулахад Монгол суралцагчид ямар санагддаг вэ?

Х: Япон төв үүсгэн байгуулагдаад 15 жил болж байгаа Вьетнамд япон маягийн менежментийн арга барил дэлгэрч байна. Тус төвийн суралцагчдын хэн нь ч 5S, кайзэний тухай мэддэг. Бусад бүс нутгийн хувьд Мьянмарт 2011 оны эхэн хүртэл япон маягийн менежментээс суралцах боломжтой тогтолцоо байгаагүй. Тиймээс Япон төв дээрх япон маягийн менежмент хичээл өнөөг хүртэл хүмүүсийн сонирхлыг ихээр татсаар байна. Мьянмарт шинэ маягийн менежментийн арга барилыг хурдацтайгаар дэлгэрүүлж байгаа үе шат гэж болохуйц юм. Үүнтэй харьцуулахад Монгол улсын хувьд компанийн удирдлага, менежерүүд суралцах нь их бөгөөд суралцагчдын түвшин нь өндөр санагддаг. Мөн насны хувьд ч ахимаг бөгөөд тодорхой хэмжээнд ажлын мэдлэг, туршлага хуримтлуулсан хүмүүс суралцдаг. Тиймээс суралцагчид 5S болон япон маягийн менежментийн талаар сайн ойлголттой байдаг. Гэвч 5S, нүдэнд харагдахуйц байдал гэх мэтийг багтаасан япон маягийн менежментийн арга барилын ерөнхий дүр зургийн хувьд авч үзвэл гүйцэд дэлгэрээгүй зүйл байгаа гэж бодож байна.

(Масүда багш тавилгын үйлдвэрт зааварчилгаа өгч буй нь)

Миний зааварчилгаа, зөвлөгөө өгдөг 4 улсыг харьцуулахад Вьетнам улсын хувьд япон маягийн үйлдвэрлэл хэдийнээ тогтмол цар хүрээгээр хөгжиж байгаа нь үйлдвэрлэлийн удирдлагын түвшинг дээшлүүлэхэд нөлөөлж байгаа гэж боддог. Вьетнамын компаниуд япон маягийн менежментийг зорьж буй үйлдвэрлэгч байдаг. Үүнтэй харьцуулахад Мьянмар болон Лаосын үйлдвэрлэлийн удирдлагын түвшинд засаж сайжруулах зүйл ихээхэн байдаг. Монгол улсын хувьд Вьетнамын түвшинд хүрээгүй ч, харьцангуй өндөр түвшинд үйлдвэрлэлийн удирдлагыг хэрэгжүүлж байгаа санагддаг. Гэвч Японтой харьцуулахад асуудалтай зүйл их байгаа тул тэдгээрийг засаж сайжруулахад хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож явдаг.  

Монголын үйлдвэрлэлийн бодит байдалд тулгарч буй нэг асуудлыг дурьдвал, ялангуяа менежментийн тал дээр засч сайжруулах зүйл анхаарал татдаг. Би бодитоор газар дээр нь очиж хариуцаж буй ажилтнаас нь “Үйлдвэрлэлийн борлуулалтыг хэрхэн явуулдаг вэ?”, “Үйлдвэрлэлийн борлуулалттай холбоотой хурал зохион байгуулдаг уу?” гэж асуухад, “Үйлдвэрт бүтээгдэхүүний үйлдвэрлэл л явагдаж байхад хангалттай. Борлуулалтын талаар мэдэхгүй” гэдэг. Японд борлуулалтын хэлтэс болон үйлдвэрлэлийн хэлтэс уялдаа холбоотой байхаар зохицуулан үйлдвэрлэлийн төлөвлөгөөг боловсруулснаар үйлдвэрлэлийн бүтээмжийг өндөр байлгадаг. Харин Монголд иймэрхүү төлөвлөлтийн хувьд хараахан хангалтгүй зүйл байх шиг санагддаг.

А: Монголд Японтой харьцуулахад байгууллагын шийдвэрээс илүүтэйгээр ажлын талбар дээрээ шийдвэрлэх хандлага их байх шиг харагддаг. Иймэрхүү ажлын талбарыг чухалчилсан соёлын хандлагатай Монгол улсын хувьд үйлдвэрлэлийн талбар дээр өөрчлөлт хийх нь хэцүү санагддаг. Энэ талаарх таны бодол?

Х: Сургалтын үеэр Япон маягийн менежментийн мөн чанар нь доороосоо дээшээ (bottom up) чиглэдэгт байдаг гэж би үргэлж хэлдэг. Япон компаниуд ажилтнаа сургаж хөгжүүлж, ажилтнуудынхаа санааг дэмжин компанийн менежментдээ хэрэгжүүлдэг. Өөрөөр хэлбэл энэ нь “Нийт ажилтны менежмент” болж байгаа юм. Зүүн Өмнөд Азид энэ огт төлөвшөөгүй. Вьетнам, Мьянмар, Лаос аль алинд нь дээрээс доош чиглэсэн менежментийн арга барил нийтлэг байдаг. Үүний цаад шалтгаан нь Зүүн Өмнөд Азид Европ, Америкийн хөрөнгө оруулалттай компаниас компанийнхаа менежментийг сурсан байдаг.

Монголын ажлын талбар дээр шийдвэрлэх  хандлага нь нөгөө талаас давуу талтай. Зүүн Өмнөд Азийн ажлын талбар дээр удирдлагын үүрэг тушаалыг хүлээх нь нийтлэг байдаг. Гэвч үүний сул тал нь гэнэтийн асуудалд яаралтай хариу арга хэмжээ авч чаддаггүй. Монголын хувьд тухайн ажлын талбарт ямар нэгэн асуудал гарсан ч шууд шийдвэрлэх чадвар ажилтнуудад байгаа гэж үзвэл энэ нь япон маягийн менежменттэй нийтлэг шинж байгаа гэж болох юм. Мэдээж тухайн газар дээр авч буй арга хэмжээний аргачлал нь компанийн менежменттэй ижил буй эсэх нь асуудал боловч үүнийг тухайн газар нөхцөл байдал болон компанийн бодлоготой тохируулах хүчин чармайлалт шаардлагатай.

 

А: Эцэст нь асуухад Монголын компаниуд цаашид Япон болон Европ, Америк руу бараа бүтээгдэхүүнээ экспортлох хэр боломжтой гэж бодож байна вэ?

Х: Би компаниудын хүмүүстэй хамгийн түрүүнд энэ талаар л ярьдаг. Зүүн Өмнөд Азид АСЕАН-ийн холбоонд нэгтгэх АСЕАН-ийн эдийн засгийн нийгэмлэг AEC байгуулагдсан. Үүний үр дүнд Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн гадаад худалдааны компаниуд ихээр нэвтэрч орж ирсэн. Энэ нь ямар утгатай вэ гэхээр хил хязгааргүй даяарчлалтай зэрэгцээд гадаадаас орж ирж буй компаниуд дотоодын компанийн хувьд хүчтэй өрсөлдөгч болдог. Тиймээс гадны компанийг бодитоор нэвтэрч орж ирэхээс өмнө компанийн менежментийг илүү хүчтэй болгох, мөн олон улсын зах зээлд идэвхтэй нэвтэрч өрсөлдөх чадвартай болох шаардлага байгаа гэж ярьдаг.

Зүүн Өмнөд Азитай харьцуулахад Монголд гадаадын компаниуд хараахан бодитоор нэвтрээгүй байгаа юм шиг санагддаг. Нөгөөтэйгүүр  дотоодын үйлдвэрлэлийн салбарын хувьд гадаад зах зээл рүү нэвтрэх бодлогын тал дээр дутагдалтай тал байгаа болов уу. Өөрөөр хэлбэл, дотоодын зах зээл дэх бараа бүтээгдэхүүний борлуулалтад төвлөрч байгаа компани олон санагддаг. Цаашдаа глобалчлагдах тусам өнөөгийн нөхцөл байдлаараа байвал Монгол улс менежментийн хувьд тогтворгүй бөгөөд бүтээгдэхүүн нь өрсөлдөх чадваргүй, эдийн засгийн тогтолцоо нь сул болох эрсдэлтэй.  

Одоогийн байдлаар олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж чадахуйц компани Монголд цөөхөн боловч цаашид боломж бий гэж бодож байна. Мөн гадаадад бүтээгдэхүүнээ экспортолдог болсноор гадны технологийг нэвтрүүлэх боломж бий болох давуу талтай. Жишээлбэл, саяхан очиж зааварчилгаа, зөвлөгөө өгсөн эмийн үйлдвэр маш сайхан байгууламж, тоноглолтой бөгөөд Монголын хөрсөнд ургасан ургамлаас охь гарган авч эм болон эрүүл мэндийн ундаа үйлдвэрлэж байсан. Энэ нь өөр улсад байхгүй өөрийн гэсэн үйлдвэрлэлийн арга барил бөгөөд цэвэр байгалийн гаралтай гэдгээрээ гадаадад экспортлоход хангалттай болов уу гэж санагдаж байна. Иймэрхүү бүтээгдэхүүний цэвэр байгалийн гаралтай гэдгийг онцлон тогтвортой байдлаар олон улсын зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд дунд хугацааны төлөвлөгөө түүнчлэн гадаад борлуулалтын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн төлөвлөгөө гаргангаа менежментийн тогтолцоогоо бий болгох шаардлагатай болов уу гэж бодож байна.

Ярилцлага хийсэн огноо: 2018.1.15

Ярилцсан: ЖАЙКА-ийн мэргэжилтэн Такигүчи Рёо

Орчуулсан: З.Цэмбэлдулам

Ярилцлагын япон хэл дээрх эхийг ЭНД дарж орж үзнэ үү.