Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БОЛОН АЖЛЫН БАЙРАН ДЭЭРХ СУРГАЛТУУД ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2019-05-13

Монгол-Японы төвийн урдаа барьдаг багш нарын нэг болох Кавагүчи Шиничиро багш манай улсад 10 хоногийн хугацаатай томилогдон ажиллалаа. Энэ хугацаандаа танхимын сургалтаас гадна Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөр болон ажлын байран дээрх сургалтуудыг удирдан явууллаа.

Кавагүчи багш Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдагч компани болох “Монбейкери” ХХК-д өнгөрсөн намраас эхлэн сургалт, зөвлөгөө өгч ажиллаж байгаа бөгөөд, энэ удаа байгууллагын стратеги, зорилго зорилтод тулгуурлан хэрхэн KPI тодорхойлох талаар сургалт зөвлөгөө орлоо. Уг сургалтаар тус компани дахь ЗААН хөтөлбөрийн сургалт өндөрлөж байна. Цаашид сургалтын үр дүнгээ ажилдаа хэрэгжүүлэх үүрэг даалгавар “Монбейкери” ХХК-ийн хамт олонд үлдэж байна.

Ажлын байран дээрх сургалтыг “Эрдэнэбулган” ХХК-д орлоо. Тус компани дээр компанийн менежментийг хэрхэн үр дүнтэй явуулах болон компани, хэлтэс тасгийн KPI үнэлгээг хэрхэн хийх талаар кейс дасгалаар дамжуулан сургалт зөвлөгөө өгч ажилласан юм.

Мөн сургалтын явцад сургалтад хамрагдагчдаас компанийн менежменттэй холбоотой асуулт зогсолтгүй гарч, багшийн зүгээс тухай бүрт нь олон төрлийн жишээ, өөрийн туршлага дээрээ тулгуурлан хариулт өгсөн маш их өрнөлтэй сургалт болж өндөрлөлөө.

Та бүхэн ажлын байран дээрх сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх утсаар холбоо барина уу.

Утас:11-310879 /Ext3/