МЭДЭЭЛЭЛ
ЦҮЮҮ БУЮУ ЯПОНЫ БОРООНЫ УЛИРАЛ
2019-06-19

Японы бүс нутгаас хамааран 5 сараас 7 сарын хооронд үргэлжлэн орох борооны үеийг Цүюү буюу борооны улирал гэж нэрлэдэг.Цүюү(梅雨) нь 梅 - чавга, 雨 - бороо гэсэн 2 ханз үсгийн нийлэмж үг бөгөөд борооны улирлын үеэр чавга бүрэн боловсорч, ургац хураалт эхэлдэг үе учраас ингэж нэрлэдэг байна.

Олон өдрийн үргэлжлэн ордог борооноос болж агаар чийгшиж, хүний биеийн бодисын солилцоо алдагдаж, улмаар нян бактери үржих нөхцөл бүрддэг байна. Харин чавганд агуулагддаг цитрит нь хүний биеийн ядаргааг тайлж, нян бактерийг устгах чадвартай байдаг учир энэ үеэр япончууд чавгыг ихээр хэрэглэдэг.

Хуучны тооллоор бол 2 сарын 4-өөс хойш 127 дахь өдөр буюу 6 сарын 11-нд борооны улирал эхэлдэг гэдэг байжээ.

Тэрү тэрү боозүてるてる坊主.

Үргэлжлэн орох бороо зогсож тэнгэр цэлмэхийг билэгдэн цонхноосоо өлгөдөг хүүхэлдэйг Тэрү тэрү боозү гэдэг. てる гэдэг нь нарны гэрэл, гялбах гэсэн утгатай, 坊主 нь буддын ламыг хэлж байгаа бөгөөд сүүлийн үед үсээ хусуулсан хөвгүүдийг хэлдэг  болсон байна.  

Цагаан өнгийн дөрвөлжин даавуу юм уу цаасны голд хөвөн, салфетка зэргийг бөөрөнхийлөн толгойн хэлбэр гарган боож хийдэг хүүхэлдэй бөгөөд маргааш бороогүй цэлмэг өдөр болохыг гуйн цонхон дээрээ утсаар өлгөдөг байна. Бороо зогссоны дараа хүүхэлдэйн дээрээ архи дусааж голд урсгадаг. 

Энэ уламжлал нь Хятадад тэнгэр цэлмэхийг билэгдэж хүүхэлдэй хийдэг байсан нь Эдогийн үе буюу 400 гаруй жилийн өмнө Японд дэлгэрч одоо ч борооны улирлын үеэр айлуудын цонхон дээр өлгөсөн байх нь харагдана.