МЭДЭЭЛЭЛ
ТОЁОТА КОМПАНИЙН ТҮҮХ
2020-04-15

Та бүхний мэдлэгт дусал ч болов нэмэр болох үүднээс Японы дэлхийд алдартай томоохон компаниудын түүхэн замналыг цуврал болгон хүргэхээр боллоо. Хамгийн эхний нийтлэлээрээ та бүхэнд алдарт Тоёота компанийн түүхийг гол үүсгэн байгуулагчдаар нь 3 хэсэгт хуваан танилцуулж байна.

1-р хэсэг. Тоёода Сакичи ба Япон мөрөөдөл
         Бидний мэдэх Тоёота (Toyota Motors Corporation) компанийн түүх Японы орчин үеийн аж үйлдвэрийн эцэг гэгддэг Тоёода Сакичигийн түүхээс эхлэлтэй. Тоёода Сакичи нь 1867 онд одоогийн Шизүока мужид мужааны гэр бүлд төржээ. 1867 онд Япон орон Бакүфү буюу шогуны засаглалыг халж, 1868 онд Мейжийн эрин эхэлснээр орчин үеийн аж үйлдвэржсэн их гүрэн болох сууриа тавьсан юм. Сакичи бага сургуулиа төгссөнийхөө дараагаар эцгийнхээ мужааны ажилд туслах болжээ. Хэдийгээр дөнгөж бага ангийн боловсролтой байсан ч тэрээр цаг л гарвал өөрийгөө хөгжүүлэхийг хичээн ном сонин шимтэн уншдаг байв. Нэгэн удаа Самуэл Смайлсын “Өөртөө туслах ухаан”(Self-Help. Samuel Smiles) номыг олж уншин шинийг зохион бүтээж улсдаа хувь нэмэр оруулах урам зоригийг олж авчээ. Тухайн үед Япон улс аж үйлдвэржилтийг хөгжүүлэхийн тулд зохион бүтээх ажлыг идэвхтэй дэмжиж “Патентын монополийн тухай хууль”-ийг гаргасан нь Сакичид түлхэц болжээ.

                

                   Зураг 1. Тоёода Сакичи залуудаа                                     Зураг2. Өөртөө туслах ухаан номын Монгол хэвлэл                                               

        Ийнхүү дөнгөж 18 насандаа гар ажиллагаа ихтэй нэхмэлийн суурь машиныг шинээр зохион бүтээх ажилд ханцуй шамлан оржээ. Тэрбээр 6 жилийн турш уйгагүй хөдөлмөрлөсний эцэст 1891 онд өөрийн бүтээсэн нэхмэлийн машинаараа патентаа гардан авав. Түүний бүтээсэн шинэ нэхмэлийн машин нь хуучин нэхмэлийн машинуудаас 40-50% илүү үр ашигтай бөгөөд нэг гараараа ажиллуулах боломжтойгоос гадна жигд нэхэлттэй чанартай даавуу үйлдвэрлэх чадалтай байв. Үүний дараа тэрбээр 1896 онд анхны бүрэн автомат уурын хөдөлгүүртэй нэхмэлийн суурь машиныг зохион бүтээв. Тоёода Сакичи амьдралынхаа туршид 45 патент авснаас 38 нь нэхмэлийн машины механизмтай холбоотой байв.

        Зураг3. Тоёода Сакичигийн бүтээсэн сайжруулсан суурь нэхмэлийн машин

       Тэрбээр 1926 онд Тоёота Автомат Нэхмэлийн Суурь Машин (Toyoda Automatic Loom Works, Ltd.) компанийг байгуулсан нь өдгөөгийн Тоёота Индастриз (Toyota Industries) компани юм. Чухам тус компанид анх Тоёода Сакичигийн хүү Киичирогоор удирдуулсан автомашин зохион бүтээх хэлтэсийг байгуулсан нь 1937 онд бидний мэдэх Toyota Motors Corporation компани болжээ.

      Нэхмэлийн суурь машин үйлдвэрлэдэг компани автомашин үйлдвэрлэл рүү орсон нь Тоёода Сакичигийн 1910 онд Америкт хийсэн аялалтай нь холбоотой. Сүлжмэлийн үйлдвэрлэлийг сайжруулах шинэ санаа олохоор Америкт ирсэн ч Нью-Йорк хотод сүлжилдэх Форд Т-загварын машиныг хараад Японд ч мөн автомашины эрин үе ирэхийг ойлгожээ. Тийнхүү тэрбээр автомашин үйлдвэрлэх шинэ хүсэл мөрөөдлөө хүү Кийчиродоо өвлүүлжээ. Тэрбээр нэхмэл сүлжмэлийн суурь машиныг сайжруулан зохион бүтээхээс гадна одоо ч гэсэн Тоёотагийн үйлдвэрлэлд хэрэглэгддэг “Жидока”, “5 Яагаад Шинжилгээ” зэрэг аргачлалуудыг анх нэвтрүүлсэн юм. Тэрбээр 1930 онд 63 настайдаа өөд болжээ. Түүний шинийг зохион бүтээж улс нийгэмдээ хувь нэмрээ оруулъя гэсэн философи Тоёота компанид одоо ч оршсоор байгаа билээ.

 

Үргэлжлэлийг та бүхэн доорх холбоосоор орж үзнэ үү.

https://www.facebook.com/Mojc.business/posts/2022140181244380?__tn__=K-R

Эх сурвалж:
https://gazoo.com/article/car_history/140312.html
https://en.wikipedia.org/wiki/Self-Help_(book)