МЭДЭЭЛЭЛ
Японы театрын урлаг: Кабүки
2020-07-01

      Кабүки бол Японы уламжлалт жүжгийн төрөл юм. 17-р зууны эхэн үед үүссэн бөгөөд тухайн үеийнхээ ёс заншлыг жүжигтээ багтаадаг байсан учир ихэд нэрд гарч томоохон урлаг болж хөгжсөн юм. 1965 оны 4 сарын 20 ны өдөр “Биет бус соёлын өв” гэж тодорхойлогдож, 2005 онд Юнескогийн шилдэг бүтээл болгон зарлаж, 2009 онд биет бус соёлын өвийн жагсаалтанд багтжээ.

      Кабүки /歌舞伎/ гэдэг нь дуу /歌/, бүжиг /舞/, арга барил /技/ гэсэн гурван үгний нийлэмж бөгөөд этгээд чамин хувцас өмсдөг, нийгэмд байр сууриа олсон хүмүүсийг “кабүкиша” гэж нэрлэдэг байснаас үүссэн үг юм.

     

 Зураг 1,2 Кабүки тоглолтын хэсгээс

    1603 оны үед эмэгтэйтэйчүүд кабүкиг тоглодог байжээ. Гэвч ёс заншлыг эвдэж, нийгэмд муу нөлөө үзүүлсэн гэдэг шалтгаанаар 1629 онд эмэгтэй кабүкиг хориглосон байна. Үүний  дараа 1652 онд гарч ирсэн залуу хөвгүүдийн кабүкиг мөн адил шалтгаанаар хориглосон байв. Түүнээс хойш насанд хүрсэн эрчүүд Кабүкиг тоглох болсон ба одоогийн “кабүки” ийн эхлэл тавигдсан юм.

   Өвөрмөц хөгжим, хувцас өмсгөл, нүүр будалт, тайзны зохион байгуулалт, зэргээрээ онцлог жүжиг юм. Хүмүүсийн зан чанар, сэтгэл хөдлөлийг нь нүүр будалтаар илэрхийлэн харуулахад голлон анхаардаг. Бүх жүжигчид нь эрэгтэй бөгөөд эмэгтэй хүний дүрд ч эрэгтэй хүн тоглодог аж. Эмэгтэйн дүрд тоглодог эрэгтэй жүжигчдийг оннагата гэж нэрлэдэг.

 Зураг 3. Кабүки театр

 Кабүки жүжгийг тоглоход бодит байдлыг дуурайх, дотоод утга санааг гаргах гэсэн хоёр гол зарчмыг баримталдаг аж. Мөн түүхэн үйл явдал, хайр дурлал, ёс суртахууны зөрчил, эмгэнэлт явдлын сэдэвтэй. Японы уламжлалт хөгжмийн зэмсгийн аялгуунд тохируулан жүжигчид  маш энгийн айзам хэмнэлээр өгүүлэн ярьдаг.

   Кабүки жүжгүүдэд гол баатар, хорон санаат, залуу бүсгүй, эмгэн өвгөн гэх мэт дүрүүд байна. Үйл явдлын байршил түргэн өөрчлөгддөг учир тайзны заслыг  эргэдэг тайз, мөн цэцгэн зөрөг зам буюу “ханамичи” гэх тайзнаас урагш үзэгчид рүү түрэн орсон урт тавцан ашиглан хийдэг ажээ.

 

Эх сурвалж:

http://iroha-japan.net/iroha/C03_show/03_kabuki.html

https://en.wikipedia.org/wiki/Kabuki