БУСАД
ХАР САЛХИНЫ ТАЛААР МЭДДЭГ ЮМ ШИГ ХЭРНЭЭ МЭДДЭГГҮЙ ЗҮЙЛС
2020-10-26

     Японы намар гэхээр хамгийн түрүүнд юу санаанд ордог вэ? Момижи, амттай жимс ногоо, хүрэлзгэнийн дуу зэрэг намрыг илэрхийлэх зүйлс олон байдаг шүү дээ. Мөн хар салхийг ч мартаж болохгүй. Жил бүрийн зуны эхэн үеэс эхлэн намрын улирлыг дамнан Японд шуугиан тарьдаг “Хар салхи”-ны мэдээ. Хар салхи нь 9-р сард хамгийн их тохиолддог гэдэг ч үнэндээ 8-р сард үүсдэг байна. “Хар салхи”-ны талаарх мэдээг үзэж байсан биз дээ? “Хар салхи”-ийг №1, №2 гэх мэт дугаарлахаас гадна тус бүрчлэн нэр өгдөг.

Тэгвэл хэн, хэрхэн, яаж хар салхинд нэр өгдөг юм бол? Энэ талаар бодож байсан уу?

        Америкчууд хар салхинд эмэгтэй хүний нэр өгдөг гэдгийг та бүгд мэднэ. Гэвч 30-аад жилийн өмнөөс эрэгтэй хүний нэрээр ч нэрлэх болжээ.

Тэгвэл Японд?

         Японы ус цаг уурын албанаас жил бүрийн 1-р сарын 1-нээс хойш үүссэн хамгийн эхний хар салхийг №1 гэж эхлэн дугаарлаж эхэлдэг бөгөөд дараа дараагийн хар салхийг №2, №3 гэх маягаар дарааллуулан тоолдог. Хэрвээ №1 хар салхины дараагийн үүсэх хар салхи нь №1-тэй адил шинжтэй байвал мөн адил №1 гэж нэрлэдэг.

          2000 оноос Зүүн Азийн Тайланд, Вьетнам, Хятад, Камбожи зэрэг 14 орон нэгдэн “Хар салхинаас урьдчилан сэргийлэх хороо” гэх хороог байгуулж, Номхон далайд үүссэн хар салхинд тус бүр 10, 10 нэр өгснөөр нийтдээ 140 нэр бүхий жагсаалт гарсан байна.

        Жагсаалтын 1 дүгээрт кумер хэлээр “Заан” хэмээх утгатай “Damrey” гэдэг нэр байдаг. Жилд дунджаар 25,6 хар салхи ирдэг бөгөөд эдгээр 140 нэр нь ойролцоогоор 5 жилдээ хэрэглэгддэг гэнэ.

Сонирхуулахад 2017 оны 4-р сарын 26-нд үүссэн №1 хар салхи нь “Чавганы цэцэг” гэсэн утгатай “Muifa” гэдэг нэртэй байжээ.

Харин Япончуудын өгсөн нэр нь:

  • てんびん (Tenbin) жинлүүр
  • やぎ (yagi) ямаа
  • うさぎ (usagi) туулай
  • くじら (kujira) халим
  • コップ (koppu) аяга зэрэг нэр байдаг.

Дээрх нэрсийг уншаад хэсэгхэн зуур “?” гэж бодсон уу? Яагаад гэвэл Япончууд “Одны орд”-оор нэрлэсэн байна. Сонирхолтой байгаа биз дээ.

      Мөн томоохон хор уршиг тарьж, олон хүнийг амь нас эд хөрөнгөөр хохироосон хар салхины нэрийг Азийн “Хар салхинаас урьдчилан сэргийлэх хороо”-ноос өөр нэрээр орлуулдаг.
Жишээлбэл, Япончуудын өгсөн
「ワシ」 буюу “Бүргэд” хэмээх нэртэй хар салхи нь Филлипин улсад том хохирол учруулсан тул 「ハト」буюу “Тагтаа” хэмээх нэрээр сольсон ч, улмаар 2017 оны 8-р сард Тайвань улсад 139 хүний амь нас авч одсоноор 「ヤマネコ」буюу “Цоохондой” хэмээх нэрээр өөрчилжээ.

Хар салхийг нэрлэх зорилго

Азийн “Хар салхинаас урьдчилан сэргийлэх хороо”-ноос дараах зорилгоор хар салхийг нэрлэхээр болжээ.

  • Азийн улсуудын холбоог бэхжүүлэх. Улс бүрийн нэршилийг багтааснаар харилцан соёлоо солилцох, тухайн улсын талаар мэдлэгээ нэмэгдүүлэх.
  • Азийн улсуудын хувьд танил дотно нэр байлгах нь гол зорилго бөгөөд танил нэрээ сонссон хүмүүс тухайн хар салхины талаар сонирхон судалж, хар салхины хор хөнөөлөөс сэрэмжлээсэй гэсэн давхар зорилго агуулж байгаа юм.

Яагаад нэг хар салхинд “Дугаар” болон “Нэр” өгдөг вэ?

          Хар салхийг Японд “Дугаар” болон “Олон улсын нэр”-ээр нэрлэдэг. Японы ус цаг уурын албанаас хар салхийг дугаарладаг. Энэ нь тухайн жилд хэдэн хар салхи ирж байгааг төвөггүйхэн мэдэх боломжтой.

Гэхдээ “Дугаар”-аар нэрлэхэд хэдэн оны хар салхи гэдэг нь мэдэгдэхгүй учраас дээр дурдсан “Ази нэршил” болох “Олон улсын нэр”-ийг хэрэглэдэг байна.

 Хар салхи ирэхийг хэрхэн мэдэх, ямар арга хэмжээ авах вэ?

Салхи

       Хар салхи ирэхийн өмнө салхи ирэхэд салхи хүчтэй болдог. Зарлалын самбарууд хийсэж, гэрлийн шон, ургаа мод унах эрсдэл ихтэй байдаг тул гадагшаа гарахгүй байсан нь дээр. Салхи ширүүсэхээс өмнө унадаг дугуй, таримал цэцэг модоо гэртээ оруулах хэрэгтэй.

Бороо

       Хар салхины улмаас бороо их ордог тул голын ус нэмэгдэж, үерлэх тохиолдол байдаг. Тийм үед голын ойролцоо очих хэрэггүй. Таны эргэн тойронд бороо орохгүй байлаа ч, өөр хаа нэгтээ орсон борооны улмаас гол үерлэх боломжтой.

        Бороо их орж, зам дээгүүр хүртэл ус урсаж, гол шиг болдог тул үерлэсэн замаар явахгүй байсан нь дээр. Яагаад гэвэл унаж үерт урсах, эсвэл таггүй болсон муу усны нүх рүү унах эрсдэлтэй. Ийм үед гадагш гарч, аюултай байдалд орж байснаас бат бөх барилгын хоёроос дээш давхарт аюулгүй газарт хоргодон ус татрахыг хүлээх хэрэгтэй. Метроны буудал зэрэг нь газар доор байдаг тул аюултай.

Мөн уул, хад асга борооны усанд урсаж ирэх тохиолдол байдаг. Ийм үед аль болох уул, хад асгатай газраас холхон яваарай.

Хар салхи ирэхийн өмнөх бэлтгэл

          Хар салхины үед гэрэл цахилгаан, ус тасрах тохиолдол байдаг. Лаазалсан бүтээгдэхүүн болон амттан зэрэг удаан муудахааргүй идэх юм, ус ахиухан бэлдэх хэрэгтэй. Тог тасардаг тул зайгаар ажилладаг радио, гар чийдэн хэрэг болдог.

       Гэр, ажилтай хамгийн ойрхон хорогдох байрны байршилыг мэдсан байхад илүүдэхгүй. Автобус, галт тэрэгний хөдөлгөөн зогсох магадлал өндөр тул алхаж явахад хамгийн ойр газрыг сонгоорой.

       Энэ удаагийн нийтлэл маань хар салхи ирдэг яг энэ намрын улиралд уншигч та бүхний мэдлэгт багахан ч тус болох болов уу хэмээн найдаж байна.