МЭДЭЭЛЭЛ
“Уншлага-Reading”-ын тухай
2021-04-22 13:03

   Гадаад хэлний багш нарын хувьд сургалтын хүрээнд суралцагчдынхаа олон чадварыг хөгжүүлэхийг зорьдог билээ. Түүний нэг нь “Уншлага /Уншиж ойлгох чадвар/ буюу Reading”-ийг хэрхэн хөгжүүлэх вэ гэх асуудал тулгамддаг. Тэгвэл энэхүү асуудлыг яаж шийдвэрлэх талаар бодохоосоо өмнө нэн тэргүүнд хүмүүс бид өдөр тутмын амьдралдаа “Унших үйл”-ийг хэрхэн үйлддэг вэ? гэдгийг эргэцүүлэн бодох шаардлагатай юм.

 Бид эх хэлээрээ өдөр бүр янз бүрийн зорилготойгоор, бүхийл газарт, төрөл бүрийн зүйлийг уншдаг шүү дээ. Харин та “Ямар төрлийн зүйл”-ийг “Хэрхэн” уншдаг вэ? Жишээлбэл: Сонинг уншихдаа нүүрэн хэсгийг том том гарчиг болон жижиг нийтлэлийн дэд гарчигаас агуулгыг таамаглаж, нийтлэлээ сонгож уншдаг. Аль эсвэл сонингоос өөрийн сонирхолтой нийтлэлийг сонгож унших гэх мэтээр өөрийгөө хэрхэн уншдаг талаар эргэцүүлэн бодоод үзээрэй.

 “Хэрхэн уншдаг вэ?” гэсэн асуултад та бүхэн олон янзаар хариулах байх. Жишээ дурдахад гадаад хэл сурч буй хүмүүс /ялангуяа япон хэл сурч буй хүн/ аливаа текстийг уншихдаа чухал үг болон өгүүлбэрийг хайнгаа унших, дүрэм болон хэлзүйн хэрэглэх арга, утга зэргийг нягтлангаа уншдаг гэх мэт янз бүрийн арга барилаар уншдаг байх гэж бодож байна.

Ингээд гол төлөв хэрэглэгддэг унших аргуудаас дурдвал:

  • Чухал үг болон өгүүлбэрийг хайн хурдтайгаар унших
  • Дүрэм, хэлзүйн хэрэглэх арга болон утгыг нягтлан унших
  • Гарчиг болон дэд гарчигуудаас агуулгыг урьдчилан таамаглаж унших
  • График болон хүснэгт, зургаас агуулгаа төсөөлөн унших
  • Холбоос үг болон заах төлөөний үгт анхаарлаа хандуулж, өгүүлбэр хоорондын холбоог нягтлан унших
  • Шинэ үг болон хэцүү үгийн утгыг нягтлан унших
  • Өөрийн мэдэхийг хүсч буй мэдээллээ хайнгаа хурдтайгаар унших

гэх мэт олон янзын унших аргууд байна.

 Мөн унших процесст:

   1.Bottom up загвар

   2.Top down загвар

   3. Bottom up болон Top down загварыг хослуулах

    гэсэн 3 төрлийн загвар байдаг.

 “Үсэг үг өгүүлбэр цогцолбор цогцолбор хоорондын уялдаа холбоо” гэсэн дарааллаар буюу жижиг нэгжээс том нэгж рүү аажим аажмаар шилжих “Уншлага”-н процессыг “Доороос дээш чиглэлтэй унших буюу Bottom up загвар” гэдэг.

 Харин аливаа текстийн агуулгыг гарчиг, зураг график, хүснэгт зэргээс урьдчилан таамаглахямархуу агуулга болон үйл явдалтайг таамаглан төсөөлж унших таамаглалаа зөв эсэхийг нягтлах төсөөллөө засварлах /таамаглал зөрсөн тохиолдолд/ гэсэн дарааллаар унших аргыг “Top down” загвар гэдэг. Өөрөөр хэлбэл эхлээд “Зорилго” болон “Урьдчилсан таамаглал”-тайгаар эхээ уншингаа, зорилгодоо тохирох зүйлийг хайж, таамаглал нь зөв эсэхийг нягтлан уншдаг загвар юм. Энэхүү маягаар уншигч өөрийн оюундаа буй таамаглал, хийсвэр төсөөллөөсөө текстийн агуулга болон үг, үсэг рүү шилжин бууж унших аргыг “Top down” загвар гэдэг байна.

 Та бүхэн энэ хоёр аргыг хэрэглэж байсан уу? Гадаад хэл сурахдаа болон суралцаж байхдаа ийм загварын аргыг ашиглаж байсан уу?

 Бид ердийн үед унших зорилгоосоо шалтгаалан унших аргаа өөрчилдөг. Мөн хэрэгцээ шаардлагаас үүдэн дээрх “Bottom up загвар” ба “Top down загвар”гэсэн энэ хоёр аргыг хослуулан унших тохиолдол байдаг. Энэхүү хоёр загварыг хослуулан ашигласнаар “Уншлага”-ын цогц процесс бий болдог гэх үзэл санааг “Харилцан хослох загвар” гэж нэрлэдэг. Энэ загварын тухайд “Уншлага-Reading” гэдэг бол текстээс олж авах мэдээлэл болон уншигчийн таамаглал, хийсвэр төсөөлөллийг гол болгож буй текст хоорондын үйлчлэл буюу “Харилцан үйлчлэл-Interaction” юм гэж үздэг.

 

“Уншлагын Schema”

 Унших үйл процесст бас нэгэн чухал зүйлийг бодолцох ёстой байдаг аж. Ялангуяа “Top Down” болон “Bottom up” гэсэн хоёр загварыг хослуулах загварт уншигч текстийн агуулгыг “Урьдчилан таамаглах”, “Хийсвэрлэн төсөөлөх” зэрэг чухал процесс явагдаж байдаг. Тэгвэл бид хэрхэн таамаглан төсөөлдөг юм бол оо?

 “SCHEMA буюу схем” гэдэг нь хүний тархинд /оюунд/ схемчлэгдсэн мэдлэг ба мэдээлэл, туршлага юм. Бид амьдралынхаа явцад өдөр бүр хүрээлэн буй орчин, хүн амьтан, эд юмстай харилцах харилцаагаар дамжуулан олон янзын мэдлэг ба мэдээлэл, туршлагыг өөртөө “Схем”-чилж байдаг аж. Хэн нэгэн хүний “Схем”нь өөр хэн нэгнийхтэй яг адилхан байх учиргүй юм. Жишээлбэл би шинэ юм ойлгож мэдэж авъя гэхэд зөвхөн өөрт байгаа мэдлэг, мэдээлэл, туршлага дээрээ суурилж, хоорондын уялдаа холбоо хамаарлыг бий болгож ойлгож авна.

 Шинээр орж ирсэн мэдлэг, мэдээлэл нь бидэнд урьд өмнө схемчлэгдсэн байгаа мэдлэг, мэдээлэл, туршлагаас өөр зүйл байвал дахин шинэчлэгдэн засварлагдаж схемчлэгддэг байна.

Уншлагад ашиглах стратеги буюу аргууд

 Бид өдөр тутамдаа эх хэлээрээ текст уншихдаа өөрийн “Схемчлэгдсэн мэдлэг, мэдээлэл, туршлага”-аа ашиглан “Top Down” загвар, “Bottom up”загвар, “Харилцан хослуулах” загвар зэргийг өргөнөөр ашиглан олон янзын зүйлүүдийг уншдаг талаар өмнөх хэсгээс ойлгож авсан байх. Тэгвэл мөн түүн дотор ухамсаргүйгээр олон янзын арга барилуудыг ашиглаж байдаг. Энэхүү арга барилыг “Унших стратеги” гэнэ. Уншлагад гол төлөв ашиглагддаг хэд хэдэн стратегүүдийг товчхон авч танилцуулъя. /Хүснэгт 1-ийг харна уу/

Хүснэгт 1 Уншлагад хэрэглэдэг стратегүүдийн жишээ

Top Down” загварт ашигладаг

Стратеги

  • Шаардлагатай мэдээллийг хурдан хайж олох
  • Гүйлгэж уншаад ерөнхий утгыг гаргаж ирэх
  • Үйл явдал ба агуулгыг урьдчилан таамаглан унших
  • Чухал үг болон өгүүлбэрийг олоод, бусад хэсгүүдийг алгасаж унших

 

“Bottom up” загварт ашигладаг

Стратеги

  • Чухал үгийг нягтлах
  • Холбоос үг болон заах төлөөний үгт анхаарлаа хандуулж, өгүүлбэр хоорондын холбоог нягт нямбай эргэцүүлэн унших
  • Агуулгыг нарийвчлан нягталж, хүснэгт болон графикт цэгцэлж явах

 

 Дээрх хүснэгт 1-т ангилсан стратегүүд заавал аль нэг загварт хэрэглэнэ гэсэн хязгаарлагдмал зүйл биш юм.Унших зорилгоос хамааран аль нэгийг нь хэрэглэх эсвэл хослуулан хэрэглэж ч болно. Жишээлбэл “Хүснэгт болон графикаар цэгцлэх” гэсэн стратегийн хувьд мэдээллийг зайлшгүй нарийн нягталж, цэгцлэх шаардлагатай тохиолдолд Bottom up” загварын уншлагын стратегийг хэрэглэж болох ч, зөвхөн гол санаа болон түлхүүр үгийг хайж олох тохиолдолд бол “Top Down” загварын уншлагын стратегийг хэрэглэхэд хангалттай юм.

 Япон хэлээр бичигдсэн эхийг уншихдаа ч гэсэн эх хэл дээрээ ашигладаг стратегийг ухамсартайгаар ашигласнаар унших чадвараа сайжруулах боломжтой. Япон хэлний багш нарын хувьд суралцагчдаа дээрх стратегийн аргуудыг ашиглаж чадахуйц болгохын тулд хангалттай хэмжээний тохирох дасгал ажлуудыг хийлгэх шаардлагатай.

 Сүүлийн үеийн чиг хандлагад “Унших үйл” гэдэг бол “Эх доторх агуулгыг хүлээн авах идэвхигүй зүйл” төдий биш, “Уншигч өөрийн “Schema” буюу мэдлэг, мэдээлэл, туршлагаас тохиромжтой зүйлсэд тулгуурлаж, эхийн агуулга болон үйл явдлыг урьдчилан таамаглаж, үнэлгээ өгөнгөө уншиж ойлгох идэвхитэй үйл юм” гэдгийг ухамсартайгаар хүлээн зөвшөөрсөн цаг үе ирээд байна. Өөрөөр хэлбэл “Уншлага” ч гэсэн харилцааны процессын нэг гэж үзэж буй юм.

Тиймээс суралцагчдаа уншлагын дасгал хийлгэхдээ уншаад агуулгыг ойлгуулах төдий бус илүү идэвхитэй, бүтээлч уншлага хийлгэхийг зориорой.

********************************************************************************************************************

 Би энэхүү нийтлэлээрээ “Уншлага” гэж юу болох мөн хүн энгийн үед хэрхэн уншиж байдаг талаар болон уншихад ямархуу процесс өрнөж байдгийг танилцуулахыг зорьсон юм. Та бүхэн “Уншлага буюу унших үйл”-ийн тухай илүү нарийчвлан судлахыг хүсч буй бол бусад эх сурвалжуудаас эрэл хайгуул хийгээд үзээрэй. Танд амжилт хүсье.

Мэдээг бэлтгэн хүргэсэн: Япон хэлний сургалтын тасаг, Д.Мөнхтуяа

Эх сурвалж: Япон сангаас эмхлэн гаргасан “Япон хэлний заах аргын цуврал ном”-7 “Унших үйлийг заах”

国際交流基金日本語教授法シリーズ7 『読むことを教える』