МЭДЭЭЛЭЛ
Монгол-Японы төвийн Ерөнхий зөвлөхөөр Оониши Ёшифүми ажиллахаар томилогдон ирлээ
2021-06-14 17:55

2021 оны 4 дүгээр сард Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвд ЖАЙКА-с томилогдсон Ерөнхий зөвлөх Оониши Монголд хүрэлцэн ирлээ. Тэрээр дэлхийд алдартай автомашин үйлдвэрлэгч “Honda Motor” компанид автомашин хөгжүүлэлтийн технологийн хэлтсийг  хариуцаж Япон болон АНУ-д 35 жилийн турш ажилласан туршлагатай.  “Honda Motor” ХК-аас гарсныхаа дараа Камбож-Японы төвд 2020 оны 3 дугаар сарыг хүртэл 3 жилийн хугацаанд Ерөнхий зөвлөхөөр ажиллаж, Япон төвд хэрэгждэг бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх үйл ажиллагааны талаар ч нэлээд туршлага хуримтлуулсан.

Оониши зөвлөх Монголд ирснийхээ дараа цаг алдалгүй монгол компаниудаар урам зоригтойгоор зочилж байна. Хэд хоногийн өмнө Улаанбаатар хотод байрлах “JET AUTO MOTORS” компанийн хүсэлтээр үйлдвэр дээр нь очиж, “Honda Motor” компаниас албан ёсны засварын үйлчилгээний зөвшөөрөл авах тухай хүсэлтэд зөвлөгөө өглөө. Тэрбээр Монголын компаниудад зочилж бодит байдалтай нь биечлэн танилцаж, холбогдох хүмүүстэй ярилцахдаа тун баяртай байгаа бөгөөд цаашид ч олон компаниар зочлох хүсэлтэй байгаагаа дурдсан юм.

Оониши зөвлөх явган аялал болон загасчлах сонирхолтой бөгөөд Монголын хөдөө талд морь унаж үзэхийг хүсч байгаа, мөн монгол хүмүүстэй монгол хэлээр ярихын тулд монгол хэл сурч байгаа бөгөөд ажил дээрээ монгол ажилтнуудтайгаа монголоор мэндчилж байна. Ийнхүү Оониши Ерөнхий зөвлөхөө Монгол-Японы төвийн хамт олон монгол уламжлалынхаа дагуу цагаан идээ дүүргэсэн мөнгөн аягатай хадгаа барьж угтан авлаа.

Оониши зөвлөх, тантай хамтран ажиллах болсондоо таатай байна!