Үйл явдал
“ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА” СЭДЭВТ АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ ӨНДӨРЛӨЛӨӨ
2021-06-17 12:59

Байгууллагын хамгийн үнэ цэнэтэй нөөц бол ажилтнууд гэдэгтэй хэн ч маргахгүй. Тухайн байгууллага урдаа тавьсан зорилтоо биелүүлж, стратегиа хэрэгжүүлэхийн тулд хүний нөөцийн удирдлагыг ч мөн стратегитайгаар хэрэгжүүлэх нь чухал юм.

Монголын аж ахуй нэгжүүдийн хувьд хүний нөөцийн тогтвор суурьшил, ажилтны хандлага, сургалт хөгжил болон хүний нөөцийн бодлого боловсруулахад хүндрэлтэй зэрэг нийтлэг асуудлууд ажиглагддаг. Жишээ нь, шинэ ажилтан тухайн байгууллагад орж ирээд нэг жил хүрэхгүй ажиллаад гарах нь бий. Энэ нь ажилтны хувьд карьер өсөх зам тодорхойгүй байгаагаас шалтгаалсан байж болно. Тухайн ажилтан ямар ур чадвараа хөгжүүлж, ямар үр дүн гаргавал албан тушаал өсөх буюу зэрэглэл нэмэгдэх зэрэг мэдээлэл тодорхойгүй бол байгууллагад удаан ажиллахад хэцүү. Өөрөөр хэлбэл, танай ажилтан байгууллагадаа ирэх 5 жил, 10 жилийн ирээдүйгээ төсөөлж чадахгүй бол өөр газар карьер хайж одох нь бий.

6-р сарын 7-12-ны өдрүүдэд* зохион байгуулагдсан “Хүний нөөцийн удирдлага” сургалтаар дээр дурьдагдсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэхэд тулгардаг асуудлууд, түүний цаад учир шалтгаан, манлайлал болон байгууллагын хөгжил зэрэг олон чухал сэдвүүдээр суралцлаа. Сургалтыг Япон талаас Мэгүро Масамичи багш, Монгол талаас Д.Дашмаа багш нар хамтран удирдан явууллаа. Мэгүро багш нь Японы хүний нөөцийн удирдлагын холбооны багш бөгөөд Starbucks Japan зэрэг Японы тэргүүлэх компаниудад хүний нөөцийн чиглэлээр ажилласан арвин туршлагатай бөгөөд хичээлийн үеэр суралцагчдадаа Starbucks компанийн жишээнүүдийг нэмэлтээр танилцуулсан юм.

Зураг 1. Мэгүро багш Япон дахь студиэс сургалт орж буй явц

Дашмаа багшийн хувьд, Монголын 50 гаруй аж ахуй нэгжид хүний нөөцийн чиглэлээр сургалт зөвлөгөө өгсөн туршлагатай бөгөөд хүний нөөцийн сонгон шалгаруулалт, сургалт хөгжлийн сэдвээр тун сонирхолтой хичээл орсон юм. Мөн багш лекц бүрийн төгсгөлд Монгол компаниудын жишээ танилцуулсан нь суралцагчдын хувьд Монголын хөрсөн дээр сурсан мэдсэнээ буулгах санаа олж авахад хэрэг болсон болов уу.

Зураг 2. Дашмаа багшийн сургалтын явцаас

Энэ удаагийн сургалтад Central Express CVS /CU/, Тавин Ус ХХК, Хүннү Эйр ХХК зэрэг үйлчилгээний салбарын байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүд, удирдлагууд хамрагдсанаараа онцлогтой байлаа.

Суралцагч нартаа сурсан мэдсэнээ байгууллагадаа хэрэгжүүлэн ажлын өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.

*6-р сарын 9-нд сургалт явагдаагүй болно.