Үйл явдал
“САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ” СЭДЭВТ БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-11-04

Бизнес эрхлэгчдэд санхүүжилтээ тохиромжтой эх үүсвэрээс татаж үйл ажиллагаагаа өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байнга тулгарч байдаг. Монгол улсын хувьд санхүүжилтээ ихэвчлэн арилжааны банкнаас татах хандлагатай байдаг ч сүүлийн жилүүдэд хөрөнгийн зах зээл хөгжиж байгаатай холбогдон IPO (Initial Public Offering) гаргах зэргээр хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах нь ч нэмэгдэж байна.

10-р сарын 25-29-нд явагдсан “Санхүүжилт ба бизнес төлөвлөгөө” сургалтаар бизнес эрхлэгч, компанийн удирдлагуудад санхүүжилтийн хэлбэрээ хэрхэн зөв сонгож, бизнес төлөвлөгөөгөө хэрхэн оновчтой боловсруулах, хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах, компанийн засаглал болон конплаенсийн хэрэгжилт санхүүжилтэд хэрхэн нөлөөлөх тухай зэрэг олон сонирхолтой сэдвүүд орсон юм.

Сургалтыг ЖАЙКА-ийн мэргэжилтэн багш Адэгава Хиронобү удирдан явуулсан ба тэрээр Мизүхо банк, KPMG зэрэг Япон болон олон улсын санхүүгийн байгууллагад санхүүгийн чиглэлээр 40 гаруй жил ажилласан туршлагатай. Мөн Монгол улсад ЖАЙКА-ийн шугамаар “2 шатлалт зээл”, “PPP чадавхийг дээшлүүлэх төсөл” зэрэг олон төсөл хөтөлбөрүүд дээр ажилласан туршлагатай билээ.

Сургалтын үеэр суралцагчид багт хуваагдан бизнес төлөвлөгөө боловсруулж илтгэл тавьсан ба Адэгава багш баг тус бүрт төлөвлөгөөгөө сайжруулах тал дээр зөвлөгөө өгсөн юм.

Энэ удаагийн сургалтад Хишиг Арвин Индустриал ХХК, Петро Хаан ХХК, Оношмед ХХК, Хөгжлийн шийдэл ТББ зэрэг салбар бүрийн аж ахуйн нэгжүүдийн удирдах албан тушаалтан, менежерүүд хамрагдлаа.

Суралцагчдадаа эзэмшсэн мэдлэгээ байгууллагадаа хэрэгжүүлж, ажилдаа өндөр амжилт гаргахыг хүсэн ерөөе.