Үйл явдал
Загвар Аж Ахуйн Нэгжийг Хөгжүүлэх Оношлогоо, Зааварчилгааны Хөтөлбөр”ийн 5-р үе шатны үр дүнгийн тайлангийн хурал амжилттай болж өндөрлөлөө.
2015-02-16

Монгол-Японы Төв нь ЖАЙКА-ийн тусламж,  дэмжлэгээр 2009 оноос эхлэн Монголын үйлдвэр, үйлчилгээний гол цөм болох, өсөж хөгжих ирээдүйтэй жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор богино хугацаанд  менежментийн заавар, зөвлөгөөг өгсөөр ирсэн.

Өнөөг хүртэл “Эрдэнэт үйлдвэр” ХХК, Чингис Хаан олон улсын нисэх буудал, “Эвридэй Интернэшнл ” ХХК, “Химон констракшн” ХХК, Нүүдэлчин групп, “Шилэн хийц” ХХК, “Монэнзим” ХХК, “Жүр үр” ХХК, “Говь Хангай Мебель” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүд уг хөтөлбөрт хамрагдсан.

2 сарын 7 өдөр 2014 онд заавар, зөвлөгөө авсан доорх 4 компани болон ажлын байран дээрх сургалт авсан 1 компани тус бүр сургалтын үр дүнгийн талаарх тайлангаа тавилаа.

 

  • “Синчи Ойл” ХХК (газрын тосны бүтээгдэхүүний импорт, жижиглэн болон бөөний худалдаа, барилга)
  • “Батбайгаль” ХХК (Бялуу, бэйкери үйлдвэрлэл, худалдаа, түргэн хоол)
  • “Гэрэлтжин” ХХК (Барилга угсралт, гадаад худалдаа, вакум цонх, хаалга үйлдвэрлэл)
  • “Эрдэнэт Хивс” ХХК (Хивс үйлдвэрлэл, худалдаа, ноолууран бүтээгдэхүүн)
  • “Уул уурхайн үндэсний олборлогч” ХХК (уул уурхай)(ажлын байран дээрх сургалт)

 

Энэ өдөр амралтын өдөр (бямба гараг) байсан  хэдий ч нийт 120 орчим хүмүүс хүрэлцэн ирж тайланг сонсохын зэрэгцээ сонирхсон асуултаа тавьж байлаа.

Эдгээр компаний хувьд Монголын аж ахуйн нэгжүүдэд түгээмэл тохиолддог асуудал болох гэр бүлийн бизнесээс компаний засаглалруу шилжих, бүтээмжийг нэмэгдүүлж 5S болон чанарын нэгдсэн удирдлагын нэвтрүүлэх, менежментийн стратегиа тодорхойлж удирдлага зохион байгуулалтаа сайжруулах зэрэг зорилтын хүрээнд хөтөлбөрт хамрагдсан.

“Загвар Аж Ахуйн Нэгжийг Хөгжүүлэх Хөтөлбөр”-т хамрагдахад тухайн компанитай ярилцлага хийн тулгарч буй асуудлыг сонссоны үндсэн дээр компаний бодит байдалд нийцүүлэн байгууллагын менежментийн төлөвлөгөөг боловсруулахаас эхлээд хүний нөөцийн удирдлага, маркетинг, үйлдвэрлэлийн удирдлага, 5S, Кайзен зэрэг өргөн хүрээнд заавар, зөвлөгөөг өгдөг. Компаний менежментийн өөрчлөлт нь гүйцэтгэлд нөлөөлөх хүртэл урт, удаан хугацаа шаардлагатай тул үүнийг тусган иж бүрэн, цогц сургалт, заавар зөвлөгөө өгөхийг зорин ажиллаж байна.