Үйл явдал
“САНХҮҮЖИЛТ БА БИЗНЕС ТӨЛӨВЛӨГӨӨ” БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
2018-05-30

  5 сарын 21-ээс 25-ны өдрүүдэд жижиг дунд аж ахуйн нэгжийн удирдах албан тушаалтан, санхүүгийн мэргэжилтнүүдэд зориулсан “Санхүүжилт ба бизнес төлөвлөгөө” бизнесийн ахисан түвшний сургалт амжилттай болж өндөрлөлөө. Энэ сэдэв нь сүүлийн үед нилээд эрэлттэй байгаа сэдвүүдийн нэг бөгөөд Монгол-Японы төв энэ жил анх удаагаа тус сэдвээр зохион байгуулж байна. Хичээлийг санхүүжилт, бизнес төлөвлөгөөний талаар арвин мэдлэгтэй Адэгава Хиронобү багш удирдан явуулсан юм.
   Адэгава Хиронобү багш маань Японы аж үйлдвэрийн банк (одоогийн Мизүхо банк)-нд компанийн санхүүжилт , төслийн санхүүжилт , хөрөнгө оруулалтын банкны ажлыг хариуцан ажиллаж байсан. Өнөөг хүртэл дэлхийн 50 орчим оронд санхүүгийн зөвлөх үйлчилгээ, консалтингийн зөвлөгөө өгч ирсэн. Мөн ЖАЙКА-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл (JICA-TSL), Монгол улсын РРР чадавхийг бэхжүүлэх төсөл, Монгол улсын хөрөнгө оруулалтын орчны судалгаа, Монгол улсын ашигт малтмалын салбарын хүний нөөцийн хөгжлийн төсөлд ЖАЙКА талын зөвлөхөөр ажиллаж байсан туршлагатай. 
   Уг сургалтаар Монголын санхүүжилтийн бүтэц болон хэрхэн үр дүнтэй бизнес төлөвлөгөө гаргах талаар онолын мэдлэгээс гадна, практик дасгал ажлаар дамжуулан бизнес төлөвлөгөө боловсруулж түүнийгээ хэлэлцээд зогсохгүй өөрсдөө банк, хөрөнгө оруулагчын талаас харах боломжийг олгосноороо давуу талтай болж чадсан. Мөн үүнээс гадна ЖАЙКА-ийн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээл (JICA-TSL)-ийн мэдээллийг мөн хүргэсэн нь суралцагчид хэрэгцээтэй мэдлэг болсон гэдэгт итгэлтэй байна.


 Сургалтын дараах санал асуулгаар суралцагчид багшийн заах аргад 100% сэтгэл хангалуун байсан бөгөөд үр дүнтэй сургалт болж чадсан гэсэн өндөр үнэлгээ авсан юм.
 Сургалтад маань идэвхитэй оролцсон суралцагсдадаа цаашдын ажил амьдралд нь амжилт хүсье. Энэхүү сургалтаар олж авсан мэдлэгээ ажил амьдрал дээрээ заавал хэрэгжүүлээрэй гэж хүсье. 
 Бизнесийн ахисан түвшний сургалтууд маань үйлдвэрлэл эрхлэгчидэд зориулсан дэлхийн автомашины зах зээлд ноёрхогч Тоёота корпорацийн үйлдвэрлэлийн менежмент, ноухауг мэдэх боломжийг олгох "ТОЁОТА ҮЙЛДВЭРЛЭЛИЙН СИСТЕМ" сургалтаар үргэлжилнэ. 
Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу. 

 Мөн аж ахуй нэгжийн удирдах албан тушаалтан, менежер, маркетеруудад зориулан “ЦАХИМ БИЗНЕС” сургалтыг зохион байгуулна. 
Бүртгүүлэхийг хүсвэл ЭНД дарна уу.