Үйл явдал
ЗАГВАР АЖ АЖУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
2019-02-26

Монгол-Японы төвийн 2018-2019 оны “ЗААН хөтөлбөр”-т хамрагдаж буй “Монфүүдланд” ХХК дээр “Хүний нөөцийн удирдлагын тогтолцоо” сэдвээр зөвлөгөө, зааварчилгаа явагдлаа. Уг зөвлөгөөний хүрээнд дунд шатны менежерүүдийн чадамж, манлайлал болон нийт ажилтнуудын идэвхжүүлэлт, үнэлгээ, урамшууллын талаар голлон сургалт, зааварчилгаа өгсөн юм.

Сургалтыг Монгол-Японы төвийн арвин туршлагатай багш нарын нэг Ямазаки Кёоко удирдан явууллаа. Ямазаки багш нь Японд төдийгүй Америкийн нэртэй компаниудад хүний нөөцийн чиглэлээр ажиллаж байсны зэрэгцээ Азийн хөгжиж буй орнуудад хүний нөөцийн удирдлагын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад 11 дэх жилдээ хүрэлцэн ирж байгаа Монголын бизнесийн орчин, нөхцөл байдлын талаар өргөн мэдлэгтэй, Монгол хүний онцлогийг мэддэг багш юм. Тиймээс тухайн компанийн нөхцөлийг урьдчилан сайн судалсаны үндсэн дээр сургалтаа явуулж, цаашид хэрхэн ажиллах талаар харамгүй заавар зөвлөгөө өгч ажиллалаа. Компанийн нийт ажилтнуудын сургалтад хамрагдаж буй байдал, идэвх чармайлт, дасгал ажлыг сэтгэлээсээ чанартай сайн гүйцэтгэж байсныг Ямазаки багш магтан сайшааж байсан юм.

“Монфүүдланд” ХХК-ийн хамт олонд сургалтаар сурсан зүйлээ ажилдаа хэрэгжүүлж, Монголын шилдэг аж ахуйн нэгж болохыг хүсэн ерөөе. Сургалт зөвлөгөө цаашид үргэлжилсээр байх болно.