МЭДЭЭЛЭЛ
ЯПОНЫ ШИНЭ МӨНГӨН ДЭВСГЭРТИЙН ТУХАЙ
2019-04-15

Япон улсын мөнгөн дэвсгэрт "Иен/円/" гэдгийг та бүхэн мэдэх биз ээ. Тус иен нь 1, 5, 10, 50, 100, 500 иений зоосон мөнгө, 1000, 2000, 5000, 10000 иений цаасан дэвсгэрттэй билээ. 
Тэгвэл энэхүү мөнгөн дэвсгэрт дундаас 1000, 5000, 10000 иений мөнгөн дэвсгэртийн загварыг шинэчлэх болсоныг 4 сарын 9-ний өдөр Японы Санхүүгийн яамнаас мэдэгдлээ. Шинэ загварын мөнгөн дэвсгэрийн онцлог нь мөнгөн дэвсгэртийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх зорилгоор ирмэгийг нь өөрчлөх болон мөнгөн дэвсгэрт дээрх алдартнууд солигдож буй явдал юм.

Та бүхэн одоогийн японы мөнгөн дэвсгэрт дээр ямар хүний зураг байдгийг мэдэх үү? Сонирхож байсан болов уу? 
Одоогийн мөнгөн дэвсгэртүүд нь 2004 оноос хэрэглэгдэж байгаа билээ. Мөнгөн дэвсгэрт дээр байдаг зургууд нь:

  • 1000 иен - Нүүрэн талд нь Нобелийн шагналт эмч Ногүчи Хидэё, ар талд нь Фүжи уул, сакүра мод дүрслэгдсэн байдаг.
  • 5000 иен - Нүүрэн талд нь Мэйжигийн үеийн зохиолч эмэгтэй Хигүчи Ичиёогийн хөрөг, ар талд нь Эдогийн үеийн зураач Огата Коорины "Какицү батазү" хэмээх бүтээл байдаг.
  • 10000 иен - Нүүрэн талд нь Мэйжигийн үеийн соён гэгээрүүлэгч Фүкүзава Юкичи, ар талд нь Бёодо-Ин сүмийн орой дээрх галт шувууны хөшөө дүрслэгдсэн байдаг.

Тэгвэл тус мөнгөн дэвсгэртүүдийн загвар шинэчлэгдэж, дэвсгэрт дээрх хүмүүсийн зургийг солих нь тодорхой боллоо.
10000 иений дэвсгэрт дээр бизнес эрхлэгч Шибүсава Эй-Ичи (1840-1931), 5000 иений дэвсгэрт дээр сурган хүмүүжүүлэгч Цүда Юмэко (1864-1929), бактериологич Китасато Шибасабүро (1853-1931) нарын хөргийг хэвлэхээр болжээ. 


Шибүсава Эй-Ичи нь “Японы капитализмын эцэг” гэдгээрээ алдартай билээ. Мэйжигийн үеэс Шоовагийн үе хүртэлх японы эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсан билээ. Тэрбээр Японы орчин үеийн анхны банк болох “Анхны үндэсний банк”-ийг байгуулж байсан юм. Өдгөө уг банк нь Мизүхо банк болжээ.
Цүда Юмэкогийн хувьд христийн шашинтан байсан бөгөөд япон эмэгтэйчүүдэд боловсрол олгох чиглэлд ихээхэн хувь нэмэр оруулсан нэгэн юм. Японоос АНУ-д суралцсан анхны эмэгтэй гэдгээрээ алдартай. Тэрбээр Токио хот дахь Цүда их сургуулийг байгуулсан байна.
Харин Китасато Шибасабүро нь татран болон сахуугаас урьдчилан сэргийлэх аргыг Францын бактериологич Александр Ерсинтэй ижил онд нээж байсан юм.
Эдгээр шинэ мөнгөн дэвсгэртүүдийг 2024 оноос гүйлгээнд гаргах юм байна.

Бүгдээрээ 5 жилийн дараа японд байх эсвэл япон улсад аялах юм бол шинэ мөнгөн тэмдэгтүүдийг ашиглах л юм байна. Тэр үед дээрх 3 дэвсгэртүүдийн зургийг нэг сонирхоод үзээрэй.