МЭДЭЭЛЭЛ
МУУ УСНЫ НҮХ(ТРАНШЕЙН)-НИЙ ТАГ
2019-05-13

Муу усны нүх гэхээр та нарт юу бодогдож байна вэ?
Бидний төсөөллөөр бол муу усны нүх гэхээр “Харанхуй, бохир, муухай үнэртэй” гээд сайхан зүйл төсөөлөгдөхгүй нь лавтай. 
Харин Япон улсад муу усны нүхний таг гэхээр тэс өөрөөр төсөөлдөг билээ. Японд муу усны нүхний таган дээр доорх зураг шиг элдэв янзын зураг зурдаг гэдгийг мэдэх хүмүүс ч нэлээдгүй байдаг байх. Тэгвэл яагаад ингэж зураг зурж чимэглэдэг юм бол оо? 

Бохир усны хоолойн төсөвтэй холбоотой учраас улс даяар бүх газрын муу усны нүхний таг ийм чимэглэлтэй гэж хэлэх боломжгүй юм. Гэхдээ хүмүүс муу усны тагний нүхний хэрэглээг өөрийн бизнес болон бусад зүйлд ашиглах боломжтойг олж харсанаар энэхүү чимэглэлтэй тагнууд ихэссээр байна. 

Жишээлбэл, тухайн газар нутгийн алдартай зүйлс, газрын зураг зурж, жуулчдад танилцуулах зорилгоор тухайн газрын бүх тагнуудын зургийг цуглуулснаар, үнэгүй шар айраг авах, эсвэл тухайн газарт үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг хямдралтай үнээр худалдан авах боломжтой байдаг юм байна. Мөн QR code зурсан тагнаас QR code-ийг уншуулахад, тухайн газрын баяр ёслол, үйл ажиллагаа, болон аялал жуулчлалын алдартай газрын талаар мэдээлэл олж авах боломжтой болжээ. Иймэрхүү маягаар сүүлийн үед муу усны нүхэн дээр зураг зурснаар аялал жуулчлалд ч тодорхой нөлөө үзүүлж эхэлжээ. Мөн жуулчдыг их татах зорилгоор, муу усны таг хийлгүүлж, үйл ажиллагаагаа сурталчилж байна. 

Япончууд жижиг зүйл дээр ч ач холбогдол өгдөг ард түмэн гэдгийг мэдэх биз ээ. Тиймдээ ч, муу усны тагийг ч чимэглэж эхэлсэн байх. Уг нь бол муу усны нүхний таг даруухан чимэглэлтэй байсан бөгөөд, хотын аялал жуулчлалын гудамж, худалдааны гудамжийг чимэглэх зорилгоор хамгийн анхны тагийг 1978 онд чимэглэж бүртгэсэн байна. Харин 1981 онд улс орон даяар нийт 12000 орчим чимэглэлтэй тагууд бий болжээ.