Үйл явдал
“ЦАГИЙН МЕНЕЖМЕНТ” СЭДЭВТ СУУРЬ МЭДЛЭГИЙН СУРГАЛТ ЦАХИМААР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
2021-06-16 13:08

Цагийг захирч чадвал амьдралаа захирч чадна гэдэг. Бид бүхэнд хийж бүтээхийг хүссэн олон зүйл байдаг ч хэрэгжүүлж амжихгүй байх нь их. Энэ нь гэнэтийн төлөвлөгдөөгүй ажлууд, цагаа үр дүнгүй зарцуулах, буруу төлөвлөлт зэрэг янз бүрийн шалтгаантай байж болно. Эдгээр нь “цагийн дээрэмчид” бөгөөд та цагаа өөрийнхөө онцлогт тааруулж оновчтой төлөвлөснөөр энэ асуудлаас салах боломжтой.

Зарим хүмүүс ажлаа маш сайн төлөвлөж гүйцэтгэж чаддаг хэдий ч гэр бүл, эрүүл мэнд, хувийн сонирхол хобби зэрэг амьдралын бусад талбартаа цаг гаргаж чаддаггүй. Харин сэтгэл ханамжтай амьдрахын тулд бид бүгд амьдралын бүх талбартаа хангалттай цаг гаргаж, зорьсон зорилтуудаа биелүүлж чаддаг байх хэрэгтэй.

6-р сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Цагийн менежмент” сургалтаар эдгээр болон өөр олон сонирхолтой сэдвүүдээр суралцлаа. Сургалтыг Монгол-Японы төвийн үндэсний сургагч багш Д.Дашмаа удирдан явуулсан юм.

Сургалтаар цаг төлөвлөлтийн аргууд, цагийн шинжилгээ хийх аргаас гадна хувь хүний төлөв хандлага тодорхойлох сорилго зэрэг олон хэрэгтэй аргачлалуудаас суралцлаа. Цаг төлөвлөлтөд хувь хүний онцлогийг харгалзаж үзэх нь чухал болохыг багш онцолж байсан юм. Жишээ нь, өглөө эрт босох нь өдрийг үр ашигтай өнгөрүүлэхэд маш чухал зуршил боловч хэрвээ таны онцлогт тохирохгүй бол хүчлэн хэрэгжүүлэх шаардлагагүй харин үлдсэн цагаа илүү үр дүнтэй өнгөрөөх талаар зохион байгуулалт хийсэн нь дээр.

Энэ мэтчилэн дан ганц цаг төлөвлөлтөөс гадна, хувь хүний зохион байгуулалтын талаар суралцсан маш үр дүнтэй сургалт болж өнгөрлөө. Сургалтад ТББ-ийн тэргүүн, докторант, йогийн студийн багш, мэргэжлийн шалгалтад бэлдэж байгаа завгүй гэрийн эзэгтэй зэрэг янз бүрийн талбарын хүмүүс хамрагдсан юм. Хэдий өөр салбарын өөр ажилтай хүмүүс хэдий ч цагийг үр дүнтэй өнгөрүүлж  өөрийгөө хөгжүүлье гэсэн нэгэн зорилготой байсан учраас багийн хэлэлцүүлэг маш сонирхолтой явагдсан юм.

Та бүхэнд сурсан мэдсэнээ ажил амьдралдаа хэрэгжүүлж, зорьсон санаснаа хэрэгжүүлэхийг хүсье.