МЭДЭЭЛЭЛ
“ЦАХИМААР ЯПОН АЙЛД ЗОЧИЛЦГООЁ” ҮЙЛ АЖИЛЛАГААГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
2021-09-16 12:03

   Манай төв байгуулагдсан цагаасаа япон хэл, соёл сонирхон суралцагч та бүхэндээ япон соёлыг танилцуулах төрөл бүрийн үйл ажиллагааг санаачлан, зохион байгуулсаар ирсэн билээ. Өнгөрсөн онд гарсан шинэ төрлийн корона вирустэй холбоотойгоор япон соёлыг танилцуулах үйл ажиллагаанууд маань хумигдсан хэдий ч, бид өөрсдийн чадах чинээгээрээ цахимаар япон соёлыг танилцуулсаар байна. Тэгвэл бид дахин нэг үйл ажиллагааг анх удаа Япон сангийн Кансай дахь олон улсын төвтэй хамтран цахимаар 2021 оны 8-р сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллаа.

    

Бид энэхүү үйл ажиллагаагаараа орчин үеийн японы энгийн иргэд хэрхэн амьдардаг, тэдгээр иргэдтэй япон хэлээр дамжуулан өөрийн орны соёл болон японы соёлын талаар ярилцангаа, оролцогчиддоо давхар япон хэлний ярианы чадвараа дээшлүүлэх боломжийг олгохоор зорьсон билээ. Тус үйл ажиллагаа маань интернэтээр зүүм програм ашиглан зохион байгуулагдсан бөгөөд Кансай дахь олон улсын төв болон Монгол-Японы төвөөс тус бүр нэг ажилтан хөндлөнгөөс бүх үйл явцыг ажиглаж, монгол талаас сурагч, оюутан, компаний ажилтан, хүүхдээ гэртээ харж байгаа гэрийн эзэгтэй гэсэн өөр өөр статус бүхий 13 оролцогчид маань 6 багт хуваагдан, японы 6 айлд цахимаар зочилсон.

   

   Япон оролцогчид маань өөрийн орны үндэсний хувцас болох кимоногоо өмсөн, ногоон цай, амттангаар монгол оролцогчдыг маань дайлж,  халуун дотноор угтан авсан. Дараа нь япон оролцогчид өөрсдийнхөө гэрийг танилцуулж, хийх дуртай зүйлсийнхээ тухай ярьсны дараа монгол оролцогчид маань өөрийн гэрээ танилцуулж, цагаан идээ, сүүтэй цайгаараа япончуудаа дайлж, тэдгээрийг хийх аргыг ч мөн тайлбарлаж амжсан. Энэ удаагийн үйл ажиллагаанд монгол талаас Булган аймаг, Дархан хотоос тус бүр нэг оролцогчид хөдөө орон нутгаас оролцож монголынхоо уламжлалт нүүдэлчин аж ахуйг япон оролцогчдод маань харуулсан нь тэдэнд гүн сэтгэгдэл үлдээсэн юм.

   Япон хэлээр дамжуулан харилцан бие биенийхээ соёлыг суралцахын тулд дуулж, бүжиглэж, хөгжим тоглож байхыг хөндлөнгөөс харсан ажилтнуудын маань сэтгэл маш их хөдөлсөн бөгөөд хоёр орны оролцогчид маань ч сэтгэл хангалуун цаашид зохион байгуулагдвал дахин оролцох хүсэлтээ илэрхийлэн энэхүү үйл ажиллагаа амжилттай өндөрлөлөө. Энэхүү үйл ажиллагааг хамтран зохион байгуулсан Кансай дахь олон төв, өөрсдийн цаг заваа гарган оролцсон монгол, япон оролцогчиддоо талархал илэрхийлье.