Үйл явдал
ЗАГВАР АЖ АХУЙН НЭГЖИЙГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР БОЛОН ЯПОН ДАХЬ ДАДЛАГА СУРГАЛТ-Д ХАМРАГДСАН КОМПАНИУДЫН ҮР ДҮНГИЙН ТАЙЛАН ХУРАЛ БОЛЛОО
2018-09-21

Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төв нь Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын ЖДҮ-ийн менежментийг сайжруулах төслийн хүрээнд 2002 оноос хойш бизнесийн хүний нөөцийг хөгжүүлэх төрөл бүрийн сургалтуудыг зохион байгуулж ирсэн билээ.

Уг төслийн хүрээнд аж ахуйн нэгжийн удирдах дээд албан тушаалтнууд болон дунд шатны удирдах менежерүүдийг хамруулдаг Бизнесийн үндсэн сургалтыг 16 дахь жилдээ амжилттай зохион байгуулсан бөгөөд үндсэн сургалтаа амжилттай суралцаж төгссөн суралцагчдаас сонгон шалгаруулж Япон дахь дадлага сургалтад хамруулж ирсэн.

Энэ жилийн дадлага сургалт 9-р сарын 1-нээс 16-ны өдрүүдэд зохион байгуулагдсан ба нийт 17 хүн хамрагдсан юм. Хоёр долоо хоногийн турш үргэлжилсэн тус дадлага сургалтад хамрагдсан суралцагчид маань сургалтаар олж авсан мэдлэг туршлагаа үр дүнтэй ашиглах талаар ажлын төлөвлөгөө боловсруулсан бөгөөд бусадтай хуваалцах зорилгоор үр дүнгийн тайлангийн хурлаа 9-р сарын 19-ний өдөр амжилттай зохион байгууллаа. Тайлангийн хурлыг нээж Монгол-Японы төвийн захирал Ц.Даваадорж, ЖАЙКА-ийн төлөөлөгч Изүми Кэйта нар мэндчилгээ дэвшүүлэв.

Суралцагчид маань Японд очиж биечлэн танилцсан компаниудын амжилтад хүрсэн нууц бол тасралтгүй хэвшүүлж ирсэн 5S хөдөлгөөн, кэйзэн санаанууд байсан гэдгийг баттай онцолж байсан юм. Мөн хүнд ээлтэй менежментийг цогцлоохын тулд ажилтан нэг бүрээ хайрладаг байхын чухлыг ч онцолж байлаа. 
(Япон дахь дадлага сургалтад хамрагдаж, үр дүнгээ тайлагнасан: Гоёо ХХК-ийн хүний нөөцийн менежер Г.Гэрэлмаа, Монгол ванн ХХК-ийн захирал Ж.Мөнхцэцэг, Асылмура ХХК-ийн захирал А.Гүлмайра, Монос фарм ХХК-ийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Б.Энхзаяа, Сопоко ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Манлай, Монгол-Японы төвийн Ерөнхий удирдлагын тасгийн дарга Х.Гармаабазар, МУИС-Бизнес консалтинг төвийн менежер Н.Батсүх, Оюу толгой ХХК-ийн мэргэжилтэн Н.Батчулуун, Чиглэл ХХК-ийн захирал Ц.Бумцэнд, Цэс хайрхан ХХК-ийн Хүний нөөц, гадаад худалдаа хариуцсан дарга Ж.Одончимэг, Анжел стар ХХК-ийн захирал Г.Болд, Витафит импекс ХХК-ийн Борлуулалтын албаны дарга О.Мөнхжаргал, Тахько ХХК-ийн менежер Б.Сольрагчаа, Астериск техноложис ХХК-ийн Худалдаа хариуцсан дарга Ц.Өнөржаргал, Автосос ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Ганзориг, Долоон болдог ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Ганбат)

Мөн энэ өдөр 2017 онд Монгол-Японы төвийн Загвар аж ахуйн нэгжийг хөгжүүлэх хөтөлбөрт хамрагдсан Автосос ХХК, Долоон болдог ХХК, Цоба ХХК-ууд үр дүнгээ тайлагнасан юм. Уг хөтөлбөр нь тус төвийн бизнесийн сургалт төгсөгчдийн компанийг үргэлжлүүлэн дэмжих зорилгоор аж ахуйн нэгжийн нөхцөл байдал, эрэлт хэрэгцээнд нийцсэн зөвлөх үйлчилгээг хэрэгжүүлэх, ЖДҮ-ийн түвшинг ахиулах зорилгоор 2008 оноос хэрэгжиж эхэлсэн юм.

Ингээд хөтөлбөрт хамрагдсан нийт суралцагчдадаа цаашдынх нь ажил хөдөлмөрт өндөр амжилтыг ерөөгөөд сурч мэдсэн зүйлсээ бусдадаа түгээн дэлгэрүүлэхийг Төвийн хамт олны зүгээс хичээнгүйлэн хүсч байна.

Та бүхэн Бизнесийн үндсэн сургалт болон ЗААН хөтөлбөрийн талаарх мэдээллийг авахыг хүсвэл ЭНД дарна уу.